Tuesday, April 18, 2017

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО

Солонгос нь хүн төрөлхтөний эртний соёл иргэншлүүдийн нэг бөгөөд тус улсад нэгдсэн төр улс бүрэлдэн тогтох үйл явц ойролцоогоор манай тооллын 668 онд дууссан түүхтэй.
1904-1905 оны Орос-Японы дайнаар Солонгос Японд эзлэгдэж, 1910-1945 онуудад төвөөс томилогдсон амбан захирагч бүхий Японы эзэнт гүрний хязгаар нутаг төдийгөөр оршиж байв. 1945 оны есдүгээр сард 37 өргөрөгөөс өмнөх хэсгийг АНУ-ын арми булаан эзэлсэн байдаг. Улмаар 1948 оны наймдугаар сарын 15 нд Сөүлд Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ыг тунхагласан байна.
Японы булаан эзлэлтийн дараагаар Америкийн арми орж ирэх үед солонгосын нийгэмд төлөөллийн ардчиллыг зохион байгуулах, эх нутагтаа хөгжүүлэх туршлага гэхээр зүйл байсангүй. Япончуудын 1910 оны булаан эзлэлт хүртэл Солонгосын хойг хэмжээгүй эрхт эзэн хааны засаг ноёрхсон улс төрийн тогтолцооны сонгодог загвар болж байв. Төр, нийгэм, соёлын бүхий л үйл ажиллагаа шинэ конфуцист уламжлалд суурилж байжээ. Эдийн засгийн тогтолцоонд таваар мөнгөний харилцаа үүсэхээс өмнөх үеийн бүдүүлэг хувиа аргацаасан натурал аж ахуй зонхилж байв. Эдийн засгийн үндэс нь аж үйлдвэр хөгжөөгүй, хөдөө аж ахуй зонхилсон шинжтэй байлаа.
Өмнөд Солонгос тусгаар улс болох эхний алхам нь тус улсад байрлаж байсан АНУ-ын цэргийн засгийн газар 37 өргөрөгөөс өмнө зүгт Солонгосын тусгаар улс байгуулах шийдвэр гаргасан явдал байв. Ийнхүү БНСУ 1948 оны наймдугаар сарын 15 нд тусгаар тогтнолоо зарласан юм.
Хойгийн өмнөд хэсэгт 1948 оны тавдугаар сарын 10 нд хууль тогтоох хурлаа сонгох анхны сонгууль зохион байгуулагдсан. Сонгуулийг НҮБ-ын хяналт дор Америкийн эзэгнэлийн үед зохион байгуулснаараа онцлогтой. Эхэндээ бүх нийтийн ардчилсан, чөлөөт сонгуулийг нийт Солонгосын хойгт зохион байгуулахаар төлөвлөсөн ч ЗХУ-ын эзэгнэлийн хойд бүс НҮБ-ын хяналтыг хүлээн зөвшөөрөөгүй тул зөвхөн өмнөд хэсгийг хамруулсан. Энэ сонгуульд Солонгосын Тусгаар Тогтнолын Төлөөх Үндэсний Эвсэл ялалт байгуулж, хууль тогтоох хурлын нийт 200 суудлаас 50 суудлыг авсан түүхтэй. 85 суудал нь бие даан нэр дэвшигчдийнх байсныг тэмдэглэх байна. Хууль тогтоох хурлын 100 суудлыг хойгийн хойд хэсэгт үлдээсэн юм. Сонгуульд оролцсон сонгогчдын нийт ирц 95% байв.
Үндсэн хуулийн хурал буюу хууль тогтоох хурал 1948 оны долдугаар сарын 12 нд Бүгд Найрамдах Улсын шинэ үндсэн хуулийг баталж, 1948 оны наймдугаар сарын 20 нд анхны ерөнхийлөгчөө сонгосон байна. Хууль тогтоох хуралд санал хураалт явуулах зарчмаар улсын ерөнхийлөгчийг шууд бус сонгуулиар сонгосон юм. Хоёр бие даан нэр дэвшигч нэрээ татсанаар Ли Сын Ман хурлын нийт гишүүдийн 90%-ийн (199 гишүүнээс 182) саналаар БНСУ-ын анхны ерөнхийлөгчөөр сонгогдсон. Дэд ерөнхийлөгчийг мөнхүү хууль тогтоох хурлаар ерөнхийлөгчөөс тусдаа сонгосон байдаг. Шинээр батлагдсан үндсэн хуульд ерөнхийлөгчид нэр дэвшигч хууль тогтоох хурлын нийт гишүүдийн 2\3-ын саналаар сонгогдох бөгөөд эхний шатны санал хураалтад нэр дэвшигчдийн нэг нь ч хуульд заасан саналыг авч чадаагүй бол эхний санал хураалтад хамгийн олон санал авсан гишүүдийг хоёр дахь шатны санал хураалтад оруулж олонхийн дэмжлэг авсан нэгнийг ерөнхийлөгчөөр сонгоно хэмээн заасан байдаг.
1948 оны үндсэн хууль таван үндсэн бүлгээс бүрдэнэ. Улс орныг нэг танхимтай парламент бүхий ерөнхийлөгч удирдах парламентын засаглалыг улс оронд хуульчилсан. 1952 онд ерөнхийлөгч Ли Сын Маны санаачлагаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийг бүх ард түмний шууд санал хураалтаар сонгодог болгосон байна. Анхандаа хууль тогтоох хурал энэ саналыг хүлээн авахаас татгалзсан боловч хариуд нь улсын төрийн хядлага, шорон гянданд ихэнх гишүүдийг хамруулсан учир аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрсөн байна. 1952 оны наймдугаар сарын 5 нд үндсэн хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулж, хууль тогтоох хурлыг хоёр танхимтай болгосон. Тэр жилдээ БНСУ-д шинэ тогтолцоогоор ерөнхийлөгчийн хоёр дахь удаагийн сонгууль болсон билээ. Сонгууль хоёр Солонгосын хооронд дайны манан татсан эгзэгтэй цаг үед зохион байгуулагдсан бөгөөд мөнөөхөн Л Сын Ман нийт сонгогчдын 75%-ийн саналаар дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
Шинэ тулгар хөгжиж буй БНСУ тогтвортой ардчилсан дэглэмийг хөгжүүлэх туйлын таагүй нөхцөлтэй тулгарсан юм. Солонгосын нийт иргэдийн үнэмлэхүй олонх төлөөллийн ардчилал, ардчилсан тогтолцооны мөн чанарыг бүрэн гүйцэд ухаарч чадаагүй байсан нь тус улсад хууль эрхзүйн соёл, хуульт ёсны урамсар хэр түвшинд хадгалагдаж байгаагийн томоохон жишээ болж байв. Японы булаан эзлэлтийн дараагаар үндэсний эвсэл үзэл бодлын хувьд зөрчилдөх болсноор тус улсад улс төрийн намууд их хэмжээгээр байгуулагдах болжээ. 1947 он гэхэд 340 гаруй  улс төрийн нам албан ёсоор бүртгэгдсэн байна. Улс төрийн нам гэж нэрлэгдсэн эдгээр бүлэглэлийн дийлэнх хэсэг нь тодорхой нэг бодлого дээр суурилсан, гол төлөв орон нутгийн юм уу, хувь хүмүүсийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн нам хэлбэрийн явцуу нэгдэл байсан юм. Солонгос улс хоёр хэсэгт  хуваагдаж дайн дэгдсэн нь тус улс дахь намын тогтолцооны хөгжил, төлөвшилтийн явцад томоохон саад учруулсан билээ.
1956 оны тавдугаар сарын 15 нд ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж, Ли Сын Ман нийт сонгогчдын 70%-ийн санал авч дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Энэ удаад түүний эсрэг Чо Бон Ам өрсөлдсөн бөгөөд нийт сонгогчдын 30%-ийн санал авчээ.
Үндсэн хуульд заасан ерөнхийлөгчийн засаглалын үед Ли Сын Ман улсын болон засгийн газрын тэргүүнийг хавсран гүйцэтгэх эрхтэй болов. Цаг хугацаа өнгөрөх тусам Ли Сын Ман өөрийн байр суурийг бэхжүүлж байсан юм. Хууль тогтоох хуралд шахалт үзүүлэх замаар улс төрийн зорилгодоо нийцүүлж үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болжээ. 1959 оны парламентын сонгуулиар сонгогчдод эд материал тараах хэлбэрээр сонгогчдын саналыг худалдан авч улмаар өөрийн хяналтыг бүрэн хэрэгжүүлж чадах хууль тогтоох хурлын шинэ бүтцийг бий болгосон байна.
1948 оны үндсэн хуулиар нэг хүн гурван удаагаас илүүгээр ерөнхийлөгчид улиран сонгогдож болохгүй гэж заасан учир Ли Сын Маны хувьд гурав дахь удаагаа сонгогдсон нь сүүлчийнх байлаа. Гэвч тэрээр хууль тогтоох хуралд шахалт үзүүлэх замаар нэг хүн улсын ерөнхийлөгчид хэдэн ч удаа улиран сонгогдож болно гэсэн заалт оруулсан юм. Үүнээс гадна, үндсэн хуулийн 1960 оны нэмэлт өөрчлөлтөөр бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч улсын тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх, харин ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлээ толгойлох холимог хэлбэрийн тогтолцоог нэвтрүүлсэн байна. Ли Сын Ман дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан бөгөөд түүний цорын ганц өрсөлдөгч нь Ардчилсан Намаас нэр дэвшсэн Чо Бен Ко байв. Ли Сын Ман үнэмлэхүй ялалт байгуулж, нийт сонгогчдын 97%-ийн санал авсан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөж чадаагүй нь сөрөг намыг өөрийн эрхгүй дэд ерөнхийлөгчийн сонгуульд анхаарал хандуулахад хүргэжээ. Харамсалтай нь, сөрөг намд ялалт байгуулах болмж гараагүй бөгөөд эрх баригч намын хүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Нийгэм, олон нийтийн дунд сонгуулийн үр дүнд үл итгэх, санал зөрөлдөх байдал газар авч үр дүнд нь 1960 оны дөрөвдүгээр сарын эргэлт хийгджээ. Ерөнхийлөгч Ли Сын Ман аргагүйн эрхэнд албаа орхиж, эх орноосоо дүрвэжээ. Энэ үйл явдал улс орны хөгжилд нэгэн шинэ хуудсыг нээсэн байна. Ли Сын Ман албан тушаалаасаа бууснаар 1948-1960 онуудад оршин байсан Солонгосын Анхдугаар Бүгд Найрамдах Улсад унасан юм.
1960 оны наймдугаар сарын 12 нд ерөнхийлөгчийн сонгууль болж Юн Бон Сон бусад 11 нэр дэвшигчээ ялж ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Сонгууль Сенат, төлөөлөгчдийн танхимийн гишүүдийн хамтарсан санал хураалтын үндсэн дээр зохион байгуулагдсан бөгөөд шууд бус санал хураалтаар ерөнхийлөгчөө сонгосон хоёр дахь тохиолдол байв. Сонгуульд ялалт байгуулахын тулд хуульд зааснаар нийт гишүүдийн 2\3 санал авах хэрэгтэй ба мөнөөх Юн Бон Сон 288-аас 208 санал авсан байна.
Солонгосын хоёр дахь бүгд найрамдах улс удаан хугацаанд тогтвортой оршин тогтнож чадаагүй билээ. 1960 оны зургаадугаар сарын 10 нд хоёр танхимтай парламентыг хуульчилсан шинэ үндсэн хууль батлагдсан байна. Парламентын шинэ бүтэц гурван долоо хоногийн дараа сонгогдсон. Сөрөг хүчин – Ардчилсан Намын тэргүүн Чан Мён 1960 оны наймдугаар сарын 19 нд ерөнхий сайд болжээ. Хэдийгээр ардчилсан ололтыг бататгах чиглэлээр томоохон ахиц гарсан ч улс орны дотоод амьдрал туйлын тогтворгүй байв. Дэг журамгүй байдал газар авч, авилга өсөн нэмэгдэж буй үед Чан Мён батлан хамгаалах зардлыг танах тухай мэдэгдсэн нь цэргийнхний зүгээс ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. 1961 оны тавдугаар сарын 16 нд Үндэстнээ Аврах Дээд Зөвлөл гэж нэрлэгдсэн армийн дээд офицерүүд төрийн эргэлт хийж, Пак Чон Хи генерал засгийн эрхэнд гарчээ. Хэдийгээр улсын ерөнхийлөгчийн албыг 1962 оны гуравдугаар сар хүртэл Юн Бон Сон хадгалж байсан ч улсын дээд эрх үнэн чанартаа 1961 оны хавраас Пак генералд шилжсэн байна.
1962 онд үндсэн хуульд ээлжит нэмэлт өөрчлөлтөө оруулж ерөнхийлөгчийн засаглал тогтоосон байна. Энэ нэмэлт өөрчлөлтийг 1962 оны арванхоёрдугаар сарын 2 ны ерөнхийлөгчийн засаглалыг эргэн тогтоох санал хураалтын үндсэн дээр шийдвэрлэсэн юм. Бүх ард түмний санал хураалтад оролцогчдын 78% нь ерөнхийлөгчийн засаглалыг дэмжжээ. Ерөнхийлөгчийн эрх мэдэл үлэмж хэмжээгээр өссөн бөгөөд гагцхүү дахин сонгогдох боломж л түүний нөлөөллийг хязгаарлаж байв. Үндсэн хуульд оруулсан 1962 оны өөрчлөлт гурав дахь бүгд найрамдах улсын тулах цэг болж байсан билээ.
1963 оны аравдугаар сарын 15 нд явагдсан ерөнхийлөгчийн сонгууль 1961 оны тавдугаар сарын эргэлтийн дараах анхны сонгууль байв. Нэр дэвшигч Пак Чон Хи болон Юн Бон Сон нарын санал хураалтын дүн ихээхэн ойролцоо (45,1%-ийн эсрэг 46,6%) байсан юм. Сонгогчдын нийт ирц 85%-тай байв. Хотын сонгуулийн тойргуудад Пак ялагдсан боловч хөдөөгийн сонгогчид түүнийг дэмжсэн юм.
1967 оны ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сарын 3 нд болсон байдаг. Нийт 6 нэр дэвшигч өрсөлдсөн боловч гол өрсөлдөөн Пак Чон Хи болон Юн Бон Сон нарын хооронд явагдсан юм. Пак итгэлтэйгээр ялалт байгуулжээ (40,9%-ийн эсрэг 51,4%).
1962 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэг хүн ерөнхийлөгчид хоёр удаа улиран сонгогдож болохоор заасан нь үндсэн хуулийг дахин өөрчлөх шаардлагыг бий болгосон байна. Хэдийгээр сөрөг хүчин эсэргүүцэж байсан боловч 1969 оны аравдугаар сарын 17 ны бүх нийтийн санал хураалт дээр үндэслэн 1971 оны дөрөвдүгээр сарын 27 нд гурав дахь удаагаа улиран сонгогдож болох өөрчлөлт оруулсан байна. Улмаар гурав дахь удаагаа дахин улиран сонгогдсон (Ким Дэ Жуны төлөө өгсөн 45,3%-ийн саналын эсрэг  53,2%).
1972 оны аравдугаар сарын 17 нд Пак Чон Хи улс оронд дайн бүхий байдал зарлан, хууль тогтоох хурлыг тарааж, сөрөг хүчний ихэнх удирдлагыг дайчлан баривчилсан байна. Үүний дараа ерөнхийлөгч үндсэн хуульд ерөнхийлөгчийн алба хаших хугацааг зургаан жил болгох, дахин хэдэн ч удаа улиран сонгогдох эрхтэй байх, ерөнхийлөгчийг сонгуулийн коллегиар сонгох, ерөнхийлөгч парламентыг тараах, хууль тогтоох хурлын гишүүдийг томилох зэрэг өөрчлөлт оруулсан нь үнэн чанартаа өөртөө бүх насаараа улсыг захирах эрх олгосон явдал байв. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дайн бүхий байдал тогтоосон үеийн 1972 оны арваннэгдүгээр сарын 21-ны бүх ард түмний санал хураалтаар сайшаасан байна. Санал хураалтад оролцогчдын 92% нь ерөнхийлөгчийн саналыг дэмжжээ. Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлт нь “Юстины үндсэн хууль” нэр авсан бөгөөд Солонгосын дөрөвдүгээр бүгд найрамдах улсын үндэс болжээ.
Хууль тогтоох байгууллага болох Улсын Хурлыг Улсын Бага Хурал болгон өөрчилсөн нь үнэн чанартаа улс оронд цэргийн дарангуйлал тогтсныг илтгэн харуулж байна.
Юстины үндсэн хуулийг эсэргүүцсэн олон арга хэмжээ сөрөг хүчний зүгээс зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй юм. Юстины үндсэн хууль дээр тулгуулан Пак Чон Хи 1972, 1978 онуудад ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд 1979 онд буудуулах хүртлээ ерөнхийлөгчийн албыг хашсан байдаг.
БНСУ дахь дараагийн ерөнхийлөгчийн сонгууль 1972 оны арванхоёрдугаар сарын 23 нд болсон юм. Юстины үндсэн хуулиар ерөнхийлөгч бүх ард түмний, нууц саналт хураалтаар бус, “Нэгдлийн асуудал хариуцсан үндэсний зөвлөл” гэж нэрлэгдэх сонгуулийн коллегиар сонгогдсон байдаг. Сонгуульд өрсөлдөх цорын ганц нэр дэвшигч Пак Чон Хи сонгуулийн коллегийн 2359 гишүүний 2357 гишүүний санал авч дахин ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. 1978 оны долдугаар сарын 6 ны дараагийн сонгуульд мөн л ганцаар нэр дэвшиж 2581 гишүүний 2578 гишүүний санал авч дахин сонгогдсон байдаг.
1979 онд Пак Чон Хи алагдснаар улс оронд Чон Ду Хваны цэргийн дэглэм тогтсон байна. Улсын дээд эрх мэдлийг хэрэгжүүлэх “Улсын Аюулгүй Байдлыг Хангах Тусгай Хороо” байгуулагдсан. Улсын Аюулгүй Байдлыг Хангах Тусгай Хорооны шийдвэрээр дайн бүхий байдал зарлан, хууль тогтоох хурлыг тарааж улс төрийн намын үйл ажиллагааг хориглосон байна. 1980 оны аравдугаар сард ерөнхийлөгчийн сонгууль, бүрэн эрхийн хугацаатай холбоотойгоор үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ерөнхийлөгчийг сонгох шууд бус тогтолцоог хэвээр хадгалахын зэрэгцээ дахин сонгогдох эрхгүйгээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 7 жил болгосон. Өмнөх Пак Чон Хигийн нэгэн адил Чон Ду Хван 1981 оны хоёрдугаар сард сонгуулийн коллегиар ерөнхийлөгчөөр сонгогдсон. Сонгогдсны дараагаар Улсын Хурлын үйл ажиллагааг сэргээж, улс төрийн намуудыг хүлээн зөвшөөрсөн байна.
1985 оны нэгдүгээр сард сөрөг хүчний хоёр голлох удирдагч Ким Ён Сам, Ким Дэ Жун нар хамтран Солонгосын Шинэ Ардчилсан Нам гэдгийг байгуулсан. Энэ улс төрийн хүчин 1985 оны хоёрдугаар сарын Улсын Хурлын сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн байна. Улс төрийн томоохон сөрөг хүчин бий болсноор 1987 оны үйл явдалд хүргэсэн бөгөөд үр дүнд нь ардчилсан өөрчлөлт хийгдсэн.
Генерал Ро Тэ Угийн засаглалын үеийн 1987 оны аравдугаар сарын 29 ны бүх нийтийн санал хураалтаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн бөгөөд ингэснээр Солонгосын зургаадугаар бүгд найрамдах улсын үе эхэлсэн байна.
Энэ нэмэлт өөрчлөлтөөр ерөнхийлөгч улсын болон гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн гэх байр суурь хэвээр хадгалагдсан ч түүнийг сонгох зарчимд өөрчлөлт орж, сонгуулийн коллегиар бус, нийт ард түмний, нууц, чөлөөт сонгуулиар, дахин сонгогдох эрхгүй, 5 жилийн хугацаагаар сонгох болгосон.
Хэдийгээр ерөнхийлөгч Өмнөд Солонгос дахь хамгийн хүчирхэг нөлөө бүхий улс төрийн институт мөн боловч Улсын Хурал сөрөг хүчний хувьд авторитари тогтолцоог сөрөх чухал зэвсэг байсаар ирсэн юм. Энэ байдал 1971, 1978, ялангуяа 1985 онд илэрхий мэдрэгдэж байсан билээ. Цэргийн эргэлтийн үр дүнд бий болсон Чон Ду Хваны авторитари дэглэм хүлээн зөвшөөрөгдөх байдлын хувьд байнгын хямралтай байв. Тухайлбал, энэ байдал 1987 оны намар болсон сонгуулийн болон 1988 оны Олимпын наадмын үеэр илүүтэй мэдрэгдэж байлаа. Засгийн газрын гол зорилт нь улс төрийн таагүй нөхцөлийг зөөллөх, тогтвортой байдлыг бий болгоход чиглэгдэж байв. Оюутны хөдөлгөөнтэй зэрэгцээд сөрөг хүчний эсэргүүцэл ширүүссэн тул засгийн газар аргагүйн эрхэнд сонгуулийн үйл явцыг шинэчлэхээр шийдвэрлэсэн байна. Засгийн газар Ким Ён Сам болон Ким Дэ Жуны хамтын удирдлага бүхий Солонгосын Шинэ Ардчилсан Намын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч Улсын Хурлын болон ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг дэмжсэн нь сөрөг хүчинд оршин буй дэглэмээ сөрөх боломж олгосон хэрэг байв. Солонгосын Шинэ Ардчилсан Нам хотын дунд ангийн сонгогчдыг зорилтот бүлгээ болгож идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар нийт сонгогчдыг гуравны нэгийг төлөөлөх чадвартай болсон. Ингэснээр сөрөг хүчин өмнөхөөсөө ч илүүтэйгээр байр сууриа бэхжүүлж чадсан байна.
Сөрөг хүчин улс төрийн дотоод хямралыг ашиглан байр сууриа бататгасаар байв. Улс орныг хамарсан өргөн хүрээтэй эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэлхий дахинаас нууцлах боломжгүй болов. Сонгуулийн үйл явцыг зэвсгийн хүч ашиглан эсэргүүцэх нь төдийлөн үр дүнтэй арга биш байсны дээр бүгд найрамдах улсын цэрэг, улс төр, эдийн засгийн гол түнш АНУ-тай тогтоосон харилцаанд сэв суулгаж болох тул засгийн газар сөрөг хүчинтэй хамтарч ажиллахыг илүүд үзсэн байна.
1987 оны зургаадугаар сарын 6 нд Ро Тэ Угийн засгийн газар ардчилсан нээлттэй бодлого авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн байна. Засгийн газар болон сөрөг хүчний хооронд идэвхтэй яриа хэлцэл хийсний үр дүнд зургаадугаар бүгд найрамдах улсад шилжих шийдвэр гаргасан юм. Шинэ үндсэн хууль батлагдан, бүх ард түмний санал хураалт, ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах зэргээр ардчилсан ололтыг бататгах чиглэлд далайцтай ажлууд хийсэн байдаг. Нийт сонгогчдын гуравны нэг хувийг авсан Ро Ту У 1987 оны арванхоёрдугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Сөрөг хүчин хэдийгээр ялалт байгуулж чадаагүй ч сонгуульд оролцсон нь том үйл явдал байв. Санал хураалтын дүнд сонгогчдын санал гурван нэр дэвшигчдэд хуваагдан хэн нь ч ялалт байгуулж чадсангүй.
Хуучин авторитар дэглэмийн төлөөлөгч сонгуульд ялалт байгуулсан гэж үздэггүй юмаа гэхэд ардчилсан хэм хэмжээг хүлээн зөвшөөрч удирдлагын дэвшилтэт арга барилд шилжсэн нь томоохон ололт байв. Хуучин дэглэмийн төлөөлөгч улсын тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албан тушаалд очсоноор улс орон ардчилсан тогтолцоонд асар хурдацтайгаар шилжсэн байна. Сонгуульд ялагдал хүлээсэн сөрөг хүчин ч байр сууриа эрс өөрчилж идэвхтэй эсэргүүцэх бодлогоос татгалзаж эхэлсэн юм. 1990-ээд оны эхээр намын тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөж, сөрөг намууд хатуу байр сууринаас зөөлөн бодлогод шилжих болжээ. Ардчилсан засаглалын эхний жилүүдэд эрх баригч хүчин, сөрөг намын хооронд яриа хэлцэл өрнүүлэх таатай нөхцөл бүрдсэн байдаг.
1990 онд “их зөвшилцөл” гэж нэрлэгдсэн томоохон үйл явдал улс орны улс төрийн амьдралд бий болсон билээ. Ро Тэ Угийн удирдсан Ардчилсан Шударга Ёс Нам, Ким Ён Самын удирдсан Ардчилсан Нэгдлийн Нам, Ким Чон Пхилийн удирдсан Шинэ Ардчилсан Бүгд Найрамдах Нам Либерал Ардчилсан Нам бий болгох зорилгоор хоорондоо нэгдсэн байна. Үр дүнд нь сөрөг хүчний удирдагч Ким Ён Сам эрх баригч намын хүрээлэлд орж, улс төрийн үйл ажиллагааны найдвартай санхүүжилтийн эх үүсвэртэй болжээ. 1990-ээд оны эхээр шинэ эрх баригч эвсэл ардчиллыг хөгжүүлэх, ард түмний амьдралын түвшинг дээшлүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллах болсон тул Ким Ён Самд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах боломж төдий хэмжээгээр нэмэгдсэн байна. Үүнээс гадна, ерөнхийлөгч Ро Тэ У сонгууль болохын өмнөхөн эрх баригч намаас гарсан нь Ким Ён Самын ноёрхлыг бүрэн баталгаажуулсан хэрэг байв. Сонгуульд нийтдээ долоон нэр дэвшигч өрсөлдсөн боловч Ким Ён Сам илэрхий давуугаар ялалт байгуулж Бүгд Найрдамдах Солнгос Улсын түүхэнд сүүлийн гучин жил дэх анхны зэвсэгт хүчний биш ерөнхийлөгч болсон юм.
Энэ сонгуулийн дараагаар өмнөд Солонгосын улс төрийн түүхэнд анх удаа өрсөлдөгчид нь Ким Ён Самд олон нийтийн өмнө нээлттэйгээр баяр хүргэсэн байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд БНСУ-ын “сонгуулийн соёл”-ын түүхэнд тохиосон онцгой үйл явдал хэмээн шуугих болов.
1997 оны сонгуулийн урьдчилсан кампанит ажлын үеэр улс орны эдийн засагт хүчтэй цохилт өгсөн Азийн санхүүгийн хямрал дэгдсэн юм.
Сонгуулийн өрсөлдөөн тавдугаар сарын 19 нд албан ёсоор эхэлсэн байдаг. Сөрөг хүчин “Шинэ Бодлого Үндэсний Конгресс” намаас ерөнхийлөгчид Ким Дэ Жун нэр дэвшсэн юм. Эрх баригч намаас шинэ үеийн улс төрчдийн төлөөлөгч Ли Хвэ Чан нэр дэвшсэн. Сонгуулийн кампанит ажлын эхний шатанд “Либерал Ардчилсан Эвсэл” шинэ эрх баригч улс төрийн хүчний удирдагч Ким Чон Пхил нэр дэвшсэн юм. Үүнээс гадна, нийслэл хотын амбан захирагч байгаад сүүлээр есдүгээр сарын 17 нд эрх баригч намаас гарч өөрийн Нэгдсэн Ардын Намаас нэр дэвшсэн Ли Ин Жэ мөн өрсөлдсөн байна.
Улс орныг эдийн засгийн хямрал руу түлхсэн Ким Ён Самаас тусдаа гэдгээ харуулахын тулд Ли Хвэ Чан эрх баригч намаа Их Улс Орон Нам (Ханнара) гэж нэрлэсэн байдаг. Сонгуулийн өмнөх сурталчилгааны үед Ли “гурван Ким” (Ким Дэ Жун, Ким Ён Сам, Ким Чон Пхил)-ын улс төрийн манлайллыг дуусгаж, шинэ үеийн улс төрчдийн төлөө сонголт хийсэн байна. Харьцангуй өндөр нэр хүндтэй байсан Ли Хвэ Чан, Ким Чон Пхил нар нэрээ сайн дураар татаж, сонгогчдыг Ким Дэ Жуны төлөө саналаа өгөхийг уриалцгаасан юм.
Сонгуулийн санал хураалтын үр дүнгээр сөрөг хүчний намын удирдагч Ким Дэ Жун нийт сонгогчдын 40,3%-ийн санал авч ялалт байгуулжээ.
1997 оны сонгууль бол хууль ёсоор сөрөг хүчинд засаг төрийн эрх шилжсэн анхны тохиол байсан юм.
2002 оны арванхоёрдугаар сард Солонгосын 16 дахь ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрөв. Либерал Ардчилсан Намаас Но Му Хён, Их Улс Орон намаас Ли Хвэ Чан ерөнхийлөгчид нэр дэвшсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үндсэн сэдэв төрийн дээд шатны авилга, гадаад бодлого, Солонгосын нэгдлийн асуудал байв. Энэ сонгууль нь сонгогчдын хандлага шинэчлэгдэж байгааг илтгэсэн юм. Но Му Хён олон нийтийн нүдэнд зүүний үзэл баримтлалтай эрч, хүчтэй шинэ залуу өсч яваа улс төрийн зүтгэлтэн гэж харагдаж байв. Нөгөө талаас, Их Улс Орон Намын ихэнх удирдлага хуучин авторитари дэглэмийн үед улс төрд орсон хүмүүсээс бүрдэж байв.  Залуу үеийн сонгогчид (20-40 насны) их төлөв Но Му Хёны төлөө, хижээл насны сонгогчид Ли Хвэ Чаны төлөө санал өгнө гэсэн социологийн судалгааны дүн гарчээ.
Солонгосын нэгдлийн асуудлаар нэр дэвшигчид харилцан эсрэг тэсрэг байр суурь баримталж байжээ: Но Му Хён Ким Дэ Жун ерөнхийлөгчийн үед эхлүүлсэн “Нарны илчний бодлого”-ыг үргэлжлүүэх хэрэгтэй гэсэн бол Ли Хвэ Чан хойд Солонгосын асуудлаар хатуу бодлого баримтлах хэрэгтэй гэсэн саналыг дэмжиж байжээ. Гадаад бодлогын хувьд Ли Хвэ Чан үндсэндээ америкийг баримжаалсан бодлого явуулахыг дэмжсэн бол Но Му Хён ОХУ, БНХАУ-тай хамтран ажиллах замаар бүс нутгийн бүх улс оронтой харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, Өмнөд Солонгосын бие даасан гадаад бодлогын төлөө байсан юм.
Сонгуульд Но Му Хён сонгогчдын 48,9%-ийн санал авч ялалт байгуулсан бол Ли Хвэ Чан хоёр хүрэхгүй хувийн санал авсан юм.
2007 оны ерөнхийлөгчийн сонгууль Өмнөд Солонгост арванхоёрдугаар сарын 19 нд болсон. Их Улс Орон Намаас ерөнхийлөгчид урьд 2002-2006 онуудад Сөүл хотын дарга байсан улс төрийн баялаг туршлага бүхий Ли Мён Бак нэр дэвшсэн. Харин Либерал Ардчилсан Нэгдлийн Намаас өмнө нь 2004-2005 онуудад Үндэснийн Нэгдлийн Яамны сайд, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн зэрэг албыг хашиж байсан ч Ли Мён Бактай харьцуулахад нэр хүнд муутай Чон Дон Ён нэр дэвшсэн юм.
Сонгуулийн кампанит ажлын явцад Ли Мён Бак 747 гэсэн уриа дэвшүүлсэн байдаг. Энэ нь эдийн засгийн өсөлтийг 7%-д хүргэх, нэг хүнд ноогдох ДНБ-ийг 40 мянган ам доллар болгох, ингэснээр Солонгосын эдийн засгийг үндсэн үзүүлэлтээр дэлхийд 7-р байрт оруулах санал гаргасан юм. Тэрээр олон нийтийн өмнө хэлсэн үгэндээ энэ бол сонгуулийн амлалт биш бөгөөд Солонгосын ирээдүй мөн гэдгийг олонтоо онцолж байсан нь сонгогчдод гүн сэтгэгдэл үлдээсэн байдаг. Либералуудын хувьд мөрийн хөтөлбөрийн тал дээр шинэлэг гэхээр зүйл юу ч байсангүй.
Санал хураалтын үр дүнд Ли Мён Бак үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Нийт сонгогчдын 48,7% түүний төлөө саналаа өгсөн бол өрсөлдөгчийнх нь төлөө ердөө 26,1% санал өгчээ. Солонгосын түүхэнд ийм хол зөрөөтэй (22,6%) сонгогчдын санал хуваагдаж байсан тохиол байхгүй билээ. Сонгуулийн ирц 62,9% байжээ.
Ханнара намаас БНСУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Ли Мён Бак Пак Кын Хэг ялимгүй давуу байдлаар ялсан байдаг. Ерөнхийлөгчийн сонгууль дахь түүний ялалт нь Ким Дэ Жун, Ким Ён Сам нараас эхтэй либерал үзэлтнүүдийн арав гаруй жилийн засаглалд цэг тавьсан байна. Ли Мён Бакийн засгийн газар төрийн албыг цомхотгох, эдийн засгийн бодлогыг либералчлахыг чухалчилж байв. Хэрэв 2007 онд Ли Мён Бакийн рейтинг 70%-тай байсан бол 2012 он гэхэд бараг 30 хувиар унасан байна.  
2011 оны эцсээр Ханнара намын удирдлага Пак Кын Хэд шилжжээ. Тэрээр 2012 оны хоёрдугаар сард намаа “Сэнури” хэмээн нэрлэсэн байдаг. Үүний зэрэгцээ Ли Мён Бакаас холбоогоо тасалж, төвийн байр суурь баримтлах болжээ. 2012 оны парламентын сонгуульд Пак Кын Хэгийн тэргүүлсэн Сэнури нам итгэлтэйгээр ялалт байгуулсан юм. Нам Улсын Хуралд үнэмлэхүй олонх (300 суудлаас152) болжээ. Үр дүнд нь Пак Кын Хэгийн намын удирдлагын байр суурь бэхжиж чадсан юм.
Сэнури намын сөрөг хүчин Ардчилсан Нэгдлийн Нам болон бие даан нэр дэвшигч Ан Чол Су гэсэн хоёр хэсэгт хуваагдсан байна. Эхэндээ Ардчилсан Нэгдлийн Нам Сон Хак Кюг дэмжиж байсан боловч 2011 оны сүүлээр Мун Жэ Инийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн байдаг. Сонгууль болохын өмнөхөн Ардчилсан Нэгдлийн Нам Мун Жэ Иний талынхан болон Хон фракци гэр хоёр хүрээлэлд хуваагджээ.
Арваннэгдүгээр сарын 23 нд бие даан нэр дэвшигч Ан Чол Су сонгогчдод цорын ганц либерал нэр дэвшигч хэрэгтэй хэмээн мэдэгдэж, нэрээ татсан байна. Ийнхүү ерөнхийлөгчийн сунгаанд хоёр нэр дэвшигч тунаж үлдсэн юм.
2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үйл явцыг Ардчилсан Нэгдлийн Нам нээлттэйгээр анх зарласан байдаг. Сонгуулийн үйл явцад хувьсгал болсон томоохон үйл явдал хэмээн үзэж нам дотроо бүх гишүүдийн санал хураалтаар нэр дэвшигчийг тодруулна гэдгээ мэдэгдсэн байна. Гэвч нам дотор зохион байгуулагдсан энэ сонгуулийн үр дүнгийн хүлээн зөвшөөрөгдөх байдалтай холбоотойгоор шүүмж өрнөх болов. 2012 оны есдүгээр сарын 16 нд нам доторх сонгуулийн үр дүн нийтэд ил болжээ. Бүх бүс нутагт олонх болж нийт санал өгөгчдийн 56,5%-ийн санал авсанаар Мун Жэ Ин ялалт байгуулав. Харин Сэнури нам дахь урьдчилсан сонгууль 2012 оны наймдугаар сарын 20 нд болж Пак Кын Хэ санал өгөгчдийн 83,97%-ийн санал авсанаар бусад нэр дэвшигчдээ ялсан байдаг.
2012 оны БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгууль арванхоёрдугаар сарын 19 нд болсон бөгөөд Солонгосын 18 дахь удаагийн, зургаадугаар бүгд найрамдах улсын 6 дахь удаагийн сонгууль юм. Үндэсний Сонгуулийн Хорооны судалгаанд нийт 898,86 мянган сонгогч хамрагдсанаас 75,8% нь 2007 болон 2002 оны ерөнхийлөгчийн сонгуультай төстэй үр дүн гарна гэж үзсэн байх юм.
Улс төр судлаачид болон шинжээчид сонгуулийн эцсийн үр дүн нийтэд ил болох хүртэл хэн ялалт байгуулах тухайд бүрэн хариулт өгч чадаагүй юм. Хоёр нэр дэвшигчийн талаарх социологийн судалгаануудад сонгогчдын саналын зөрөө хол биш байна гэсэн дүн гарсан байх бөгөөд Үндэсний Сонгуулийн Хорооны мэдээнд зөрөө 23 мянган хүнээс хэтрэхгүй болов уу хэмээсэн байдаг. Солонгосын тэргүүлэх гурван хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл KBS, MBC, SBS-ийн хамтарсан судалгаанд Пак Кын Хэ сонгогчдын 50,1%, Мун Жэ Ин 48,9%-ийн санал авна гэж тооцсон байна. JTBC телевизийн судалгаанд Пак Кын Хэ 49,6%, Мун Жэ Ин 49,4%-ийн санал авна гэсэн байдаг. Харин YTN телевиз сөрөг намаас нэр дэвшигч 49,7-53,5%-ийн, эрх баригч намаас  нэр дэвшигч 46,1-49,9%-ийн санал авах бололцоотой гэсэн таамаглал дэвшүүлсэн байна. Харин сонгуулийн дүн нийтэд ил болоход Пак Кын Хэ ялимгүй давуугаар ялалт байгуулж, Солонгосын түүхэн дэх анхны эмэгтэй ерөнхийлөгч болсон юм.
Сонгуулийн тогтолцооны ерөнхий шинж. Хөгжлийн үе шатууд
Солонгосын сонгуулийн тогтолцооны түүх 1948 оноос эхтэй. Анхдугаар үндсэн хуульд иргэн хүний сонгуулийн эрхийн талаар тодорхой хуульчилсан байдаг. Улсын Хуралд нэр дэвшигч хүний насны доод хязгаар 25 бол ерөнхийлөгчид нэр дэвшигч 40 нас хүрсэн байх ёстой.  Эхний таван бүгд найрамдах улсын үед (1948-1987 он) сонгуульд санал өгөх насны доод хязгаарыг 21 гэж хуульчилсан байв. 1987 оны аравдугаар сард орсон үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 20 болгож багасгасан. 2005 оноос сонгуульд санал өгөх насны доод хязгаарыг 19 болгож өөрчилсөн.
Сонгуулийн ерөнхий хороо анх 1963 онд байгуулагдсан. Хэдийгээр хууль эрх зүйн хувьд хараат бус, бие даасан байгуулага гэж зүйчилсэн байдаг ч сонгуулийн ерөнхий хороо 1987 он хүртэл уг эрхээ хэрэгжүүлж чаддаггүй байв. Өөрөөр хэлбэл, энэ үеийг хүртэл засгийн газрын улс төрийн захиалгад үйлчлэх байгууллага байжээ.
Тусгаар тогтнолоо олж авсанаас хойших эхний 40 жилийн хугацаанд ерөнхийлөгчийн сонгууль шууд бус шинжтэй байв. Ерөнхийлөгчийг эсвэл Улсын Хурлаар (1948 он), эсвэл хоёр танхимт парламентын хамтын хуралдаанаар (1960 он), эсвэл сонгуулийн коллегиар (1972-1981 он) сонгодог байсан. 1952-1960, 1963-1971 онуудад ерөнхийлөгчийн ард түмний шууд санал хураалтаар сонгож байсан. 1987 онд зургаадугаар бүгд найрамдах улс тунхаглагдсанаар шууд сонгуулийн зарчим бүрэн утгаараа хэрэгжих болсон.
Сонгуулийн тогтолцоонд хийгдсэн өөрчлөлтүүд их төлөв тус улсын ерөнхийлөгчийн албыг үүрэглэж буй хүний улс төрийн хүсэл сонирхолтой холбогдож байсан. Өөрөөр хэлбэл, улс төрийн болон цэрэг, армийн шахалт дор өөрчлөгдөж байжээ.
1954 оны арваннэгдүгээр сарын үндсэн хуулийн хоёр дахь удаагийн шинэчлэлээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жил, нэг удаа улиран сонгогдох эрхтэй болгож өөрчилсөн. 1969 оны аравдугаар сард улиран сонгогдох эрхийг гурав болгосон бол 1972 оны арваннэгдүгээр сард улиран сонгогдох эрхийн хязгаарлалтыг бүрмөсөн үгүй хийсэн. Харин 1980 оны аравдугаар сараас ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг улиран сонгогдох эрхгүйгээр долоон жил болгож өөрчилсөн.
1948 онд нэг танхимтай хууль тогтоох хурлыг байгуулсан. 1960 онд нэг удаа хоёр танхимтай парламент бий болгосон. 1961 онд хоёр танхимтай парламентыг дахин нэг танхимтай болгож өөрчилсөн.
1948, 1950, 1954, 1958 оны хууль тогтоох хурлын сонгуульд Улсын Хурлыг мажоритари сонгуулийн тогтолцоогоор байгуулсан. Хоёр дахь бүгд найрамдах улсын үед төлөөлөгчдийн танхимийг мажоритари тогтолцоогоор, харин зөвлөхүүдийн танхимийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор бүрдүүлсэн.
1963, 1967, 1971 оны хууль тогтоох хурлын сонгуульд гишүүдийн гуравны хоёрыг мажоритари, гуравны нэгийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор бүрдүүлсэн байна.
1973, 1978 оны сонгуульд хууль тогтоох хурлын нийт гишүүдийн гуравны хоёрыг мажоритар, гуравны нэгийг ерөнхийлөгчийн томилгоогоор бүрдүүлсэн байдаг. 1981 болон 1985 оны сонгуульд урьдын нэгэн адил нийт гишүүдийн гуравны хоёрыг мажоритари, гуравны нэгийг хувь тэнцүүлсэн зарчмаар сонгож байсан.
Бүс нутгийн бусад улс орнуудаас ялгаатай нь Солонгосын сонгуулийн үйл явцад ардчилсан болон авторитар шинж хосолсон байдаг. Өмнөд Солонгосын хувьд сонгууль нь Өрнөдийн ертөнцөд өөрийн улсаа үзэл санааны хувьд хамт гэдгээ харуулах нэг боломж юм. БНСУ-ыг тунхагласны дараах эхний дөчин жилд сонгууль Улсын Хурал болон ерөнхийлөгчийн гэсэн хоёр хэлбэрээр явагдаж байсан. Харин 1990-ээд оны эхэн үеэс орон нутгийн түвшинд сонгууль зохион байгуулагдах болсон. 1991 онд орон нутгийн төлөөллийн байгууллагыг сонгох анхны сонгууль болсон бол 1995 онд орон нутгийн засаг захиргааны удирдлагыг сонгосон байна. Орон нутгийн төлөөллийн байгууллагыг сонгох сонгуульд 90%-ийн мажоритари зарчмаар, 10%-ийг хувь тэнцүүлсэн зарчмаар сонгодог байна.
1987 оноос дахин сонгогдох эрхгүйгээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 5 жил болгосон бол Улсын Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил болно (Улиран сонгогдох эрхэд хязгаарлалт байхгүй). Ерөнхийлөгчийн сонгуульд харьцангуй олонхийн мажоритари зарчмыг, харин хууль тогтоох хуралд сонгуулийн холимог тогтолцоог гол болгодог. 1987 оноос хойш БНСУ-ын сонгуулийн тогтолцоонд төдийлөн өөрчлөлт орсонгүй.    (А. Г. Орлов, М. А. Мещерякова, С. Я. Павлов, Т. О. Кузнецова, 2013)
Орчуулгын эх сурвалж
А. Г. Орлов, М. А. Мещерякова, С. Я. Павлов, Т. О. Кузнецова. (2013). Избирательная система Республики Корея. In М. А. А. Г. Орлов, & В. И. науч. ред. А. В. Иванченко (Ed.), Современные избирательные системы. Вып. 8 (pp. 369-454). Москва: РЦОИТ.